Post Image

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх зорилгоор урт болон богино хугацааны санхүүжилт улирлын онцлогоос шалтгаалан хэрэгцээтэй болж байдаг. Санхүүжилтийг бий болгоход банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард   гээд олон төрлийн  санхүүгийн байгууллагад  хандах боломжтой хэдий ч тус бүрдээ зээлдэгчид тавигдах шаардлага, барьцаа, хүүний хувьд ялгаатай.

Хэрвээ та зээл авахаар төлөвлөж байгаа бол сайтар судлах шаардлагатай бөгөөд юунд, хэрхэн анхаарах хэрэгтэй талаар энэ удаагийн нийтлэлээрээ хүргэж байна.

Зээл авахад  юунд, хэрхэн анхаарах вэ?

Өөрийн орлогыг бодолцох

Зээл авах шаардлагатай юу?- Та үнэхээр зээл авах шаардлагатай байгаа эсэхийг өөрөөсөө дахиад нэг асуугаад үзээрэй. Мөн энэхүү зээлийг аваад худалдаж авах гэж байгаа зүйл танд үнэхээр хэрэгтэй байгаа юу?  Зээлийг аваад буцаад төлөх орлогын эх үүсвэр, боломж байгаа эсэхийг сайтар нягтлан үзсэний дараа  зээл авах  шийдвэрээ  гаргаарай.

Зээлийн өртгийг тооцоолох

Зээлийн өртөг нь зээлийн хүүгээс гадна  зээлийн судалгааны  шимтгэл,   барьцаа хөрөнгийн даатгалын  шимтгэл, нотариат, барьцаа хөрөнгийн бүртгэлийн зардал гэх мэт нэмэгдэл зардлуудаас бүрддэг.   Нэмэгдэл зардал дээр зээлийн дүн болон хүүгийн зардлыг нэмж нийт дүнг бодож, тооцоолсны  үндсэн дээр  би энэ зээлийг яг авах шаардлагатай байгаа эсэхээ шийднэ.  Орлоготой нь харьцуулахад хэт өндөр дүн тусаж байвал  өөр төрлийн  хямд  хувилбаруудыг эрэлхийлэх хэрэгтэй .

Зээлийн хугацааг тооцох

Зээлийн зориулалтаас  хамааран  зээл нь богино  болон  урт хугацаатай байна.   Эргэлтийн хөрөнгийн зээлийг богино хугацаагаар, хөрөнгө оруулалтын зээлийг урт хугацаагаар олгодог.  Зээлийн  зориулалт,  зээл төлөх  орлоготой   уялдуулан  зээлийн хугацаа, эргэн төлөлтийн хуваариа тохирох  ёстой.   Хэрэв та хөрөнгө оруулалтын зээлийг богино хугацаагаар авбал санхүүгийн   хүндрэлд  орох эрсдэлтэй.   

Зээл авах байгууллагаа судлах

Зээл авахдаа анхаарах зүйлсээ тооцоолсон бол зээлдүүлэгч талаа мөн адил судлах нь маш чухал. Хэдэн жил тухайн салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа болон хүмүүст хэр зэрэг   нэр хүндтэй байгаагаар  тухайн  газрыг тодорхойлж болно. Мөн өмнө зээл авч байсан туршлагатай хүн таны ойр дотнын хүмүүс дотор байвал асуугаад үзэхэд буруудахгүй.  Учир нь тэд танд хамгийн үнэн, үнэ цэнэтэй хэрэгцээтэй мэдээлэл өгөж чадна. Олон төрлийн зээлийн байгууллагуудаас таны санхүүгийн асуудлыг оновчтой шийдэж туслах, нэр хүндтэй, туршлагатай байгууллагыг сонгосноор та ирээдүйдээ баталгаатай хөрөнгө оруулалт хийж чадах юм.

Гэрээг нягталж харах

Зээлийн гэрээ гэдэг бол хоёр талын тохиролцооны баримт бичиг юм. Тиймээс талууд зээлийн хугацаа, хүү,  алданги,  эрх, үүргийн  талаар харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулах ёстой байдаг. Зээлдэгч та гэрээ байгуулахдаа гэрээнд заагдсан бүхий л заалтуудыг унших хэрэгтэй.  Ойлгогдохгүй зүйл гарвал зээлдүүлэгч байгууллагын ажилтнаас санаа зоволтгүй асууж тодруулах хэрэгтэй. Гэрээгээ сайн уншиж танилцаж ойлгосны дараа гарын үсэг зурах нь хуулийн хувьд  хамгийн   зөв алхам юм шүү.