Post Image

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх, хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэр олох, цаашлаад бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэх, түүнээсээ ашиг олох, олсон ашгаа зүй зохистой зарцуулах нь бизнесийн хамгийн энгийн тойрог юм.

Мэдээж шинээр бий болж буй бизнесүүдийн хувьд хамгийн эхний хэдэн сар магадгүй эхний жил, ашиггүй ажиллах нь хэвийн үзэгдэл байдаг. Учир нь ямар ч бизнесийн хувьд

·         Өрсөлдөгчдөөсөө ялгарах,

·         Давуу талаа таниулах,

·         Хэрэглэгчдээ татах,

·         Өөрсдийн гэсэн тодорхой хэрэглэгчтэй болж зах зээл дээр тогтвортой үйл ажиллагаа явуулахад

 цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддагт оршдог биз ээ.

Харин тодорхой хугацааны дараа үйл ажиллагаа нь тогтворжиж, ашигтай ажиллаж эхэлсний дараа, тэрхүү ашгаа зүй зохистой зарцуулах нь ирээдүйд илүү олон салбартай болж бизнесээ томруулах, хувийн хэрэгцээндээ зарцуулах гэх мэт олон талын давуу талтай.

Ашгаа зүй зохистой зарцуулна гэдэг нь хувийн хэрэгцээнээс гадна бизнесийн үйл ажиллагаанд маш их өөрчлөлтүүдийг бий болгох боломж бүрдүүлдэг.

Ашиг нь ирээдүйг бүтээхийн төлөөх үнэ гэдгийг бид ухаарч, бизнесийнхээ ирээдүйн төлөө ашиг, орлогынхоо тодорхой хувийг зарцуулж байх хэрэгтэй. Үүнээс харахад ашиг бол зугаа цэнгэл, хийсвэр, гарт баригдахгүй зүйлүүдэд зориулагдах ёстой бус танай бизнесийн үйл ажиллагааг үргэлж сайжруулж, хөгжүүлэхэд зарцуулагдах үүрэгтэй чухал хүчин зүйл гэдэг нь харагдаж байна.

Тэгвэл бизнесийн ашиг орлогоо хэрхэн юунд зөв зохистой зарцуулах вэ?

Үйл ажиллагааны хүчин чадлаа нэмэгдүүлэх

Одоо таны үйлдвэрт байгаа тоног төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна уу? Таны дэлгүүрийг зорьж ирэх хүмүүсийн ачааллыг дийлэхгүйн улмаас зарим хэрэглэгчээ алдаж байна уу? Эсвэл байршил тань хол байгаагаас болж зорилтот хэрэглэгчдэдээ хүрч чадахгүй байгаа юм биш биз.

Аливаа бизнесийн зорилго урт хугацаандаа ашигтай ажиллах байдаг. Тиймээс хэрэглэгчдэдээ илүү хүрч ажиллахын тулд техник технологи, хүний нөөц, салбарын тоо зэргийг нэмэгдүүлэхэд орлогынхоо тодорхой хувийг төсөвлөж байгаарай.

Хүний нөөцийн ур чадварыг сайжруулах

Байгууллагын ажилчид гэдэг бол бизнесийн үйл явцыг хөдөлгөгч гол хүч болдог. Ажилчдын биеэ авч явах байдал, харилцаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдлэгийн хүрээ гээд энэ бүгд таны бизнесийг бусдад илэрхийлж байдаг. “Ямар халилцаа муутай газар вэ?” гэж хэн нэгний хаа нэгтэй хэлэхийг та сонсож л байсан бол энэ явдлыг өөрийн бизнестээ давтахгүйн тулд хүний нөөцийн ур чадвар хамгийн түрүүнд тавигдах асуудлуудын нэг. Туршлагатай жижиг дунд бизнес эрхлэгчид ажилчдаа өөрсдийн гэр бүл мэт боддог. Учир нь ажилчид ажилдаа дургүй болж ирмэгц өөрт илүү таатай, тухтай, орчинг хайж эхэлдэг гэж үздэг байна. Мөн тэдний мэдлэг боловсролыг үргэлж дэмжиж, сайжруулж, санаа тавих нь танай байгууллагад илүү үнэнч, туршлагатай боловсон хүчин нэмэгдэх сайн талтай.

Сошиал медиа, маркетингийн идэвхижүүлэлт, хэрэглэгчдийн мэдлэг боловсролд эзлэх байр сууриа хөгжүүлэх

Мэдээ мэдээллийг хамгийн хурдан таны зорилтот хэрэглэгчдийн сонорт хүргэх сошиал сувгууд /facebook, instagram, youtube, linked in/ эрчээ авсан энэ үед яагаад заавал лангууныхаа ард зогсоод хэрэглэгчээ хүлээх хэрэгтэй гэж. Онлайн орчны энэ давуу талыг бизнестээ ашиглаж дэлгэцийн цаанаас бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой тул та өөрийн бизнестээ энэ төрлийн арга хэрэгслийг хэрэгжүүлэхэд төсөв мөнгөө хуваарилж яагаад болохгүй гэж.