Post Image

Боломж бол таны бизнесийг өргөжүүлэх, илүү ашиг орлоготой байхад чиглэнэ.

Энэ удаад бизнес эрхлэгч тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгч танд бизнесээ өргөжүүлэн, үр дүнтэй хөтлөн явуулахад ямар боломж байна вэ? сэдвээр нийтлэлээ бэлтгэлээ. Бизнесээ одоогийнхоосоо шинэ төвшинд гаргахад тань дараах боломжууд тусална гэдэгт итгэлтэй байна.

Ажилчдын сэтгэл ханамжид анхаарах

Жижиг, том гэлгүй байгууллагад ажилчдын сэтгэл ханамж хамгийн чухал байдаг. Тэд таны бизнесийн нэг хэсэг болон ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг уу? Тэд өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг уу? Тэд хоорондоо тааламжтай харилцаатай байдаг уу? гэх мэт асуултууд чухал байр суурь эзэлнэ.

Бизнес удирдаж байгаа хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаараад ажилчдынхаа сэтгэл хангалуун байгаа эсэхэд анхаарал хандуулах нь сулардаг. Гэвч ажилчдын сэтгэл ханамж гэх зүйл тэдний гүйцэтгэл, үр бүтээлтэй шууд хамааралтай байдаг ба энэ цаашлаад таны компанийн ашигтай шууд хамааралтай болж ирдэг.

Ажлын орчингоо өөрчилж үзэх

Бизнес эрхлэгч хүнд шинэ санаа хамгийн чухал. Нэг хэвийн дассан орчноо солиод үзээрэй. Сүүлийн жилүүдэд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ажлын байраа хуваан хэрэглэдэг олон газрууд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа нээн үйл ажиллагаагаа явуулж байна. Та салбар бүрд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахаар хөдөлмөрлөж буй залуустай хөл зэрэгцэн санаа бодлоо солилцон олон зүйлийг мэдэж, сурч болно.

Онлайн орчинг ашиглах

Бид урьд нь Бизнесийн ашгаа хэрхэн зөв зохистой зарцуулах вэ? нийтлэл онлайн орчин чухал байгаа талаар дурдаж байсан. Харин энэ удаа онлайн орчин бол бизнесээ өргөжүүлэх том боломж талаас нь дурдъя.

Сүүлийн жилүүдэд блог маркетинг чухал үүрэг гүйцэтгэх болсон. Өөрийн бодол, бизнесийнхээ үйл ажиллагаатай холбоотой  мэдээ мэдээллийг хэрэглэгчиддээ цувралаар, тасралтгүй хүргэх нь танай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид ойлгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монголчуудын хувьд түгээмэл хэрэглэгдэх болсон medium, twitter, facebook зэрэг онлайн сүлжээг ашиглан өөрийн үзэл бодлоо хэрэглэгчиддээ хуваалцах хандлага түлхүү ажиглагдах болсон.

Бусад бизнестэй хамтрах / аутсорсинг /

Хамтрах гэдэг нь бизнесийг илэрхийлэх чухал зүйлсийн нэг мөн. Өөрийн чаддаг зүйлээ сайн хийгээд шаардлагатай ч гэсэн таны цаг, хугацааг хэт хандуулж байгаа зарим үйл ажиллагаагаа өөр компаниар хийлгэх өөрөөр хэлбэл аутсорсинг хийлгэх нь хамгийн зөв сонголт байдаг.

Жишээ нь худалдааны бизнес эрхлэгчдээс “хүргэлтийн үйлчилгээ” байгаа эсэхийг хэрэглэгчид хамгийн ихээр асуух болсон. Энэ тохиолдолд өөрсдөө Улаанбаатар хот дотор хүргэлт хийхэд цагаа хуваарилахын оронд мэргэжлийн хүргэлтийн компанитай хамтран асуудлаа шийдэх гарц байгаа эсэхийг судалж үзэх нь цаг хугацаа, мөнгө хэмнэсэн шийдэл болж ч болох юм.